Ninja 10 нууц зэвсэг.




Нинжа нар гэхээр л сэлэм агсаж, од шидсэн, хар хувцастай нууцлаг дайчин эрс санаанд буудаг. Үнэн хэрэгтээ нинжа нар сэлэм биш хутгатай явахыг илүүд үздэг байсан юм шүү. Хутга богинохон тул нуухад амар. Тэд үнэхээр сюрикен буюу од шиддэг байсан. Гэхдээ зэвсэг болгохоосоо илүү дайсныхаа анхаарлыг сарниулдаг байж. Бас тэд хар биш хар хөх өнгийн хувцас өмсдөг байсан гэнэ. Энэ мэт “хачиртай” зүйлсийг зохиолч, найруулагчдын “уянгын халил” гэж ойлгож болно. Гэхдээ хэний ч мэддэггүй шахам, үнэхээр нууц зэвсэгнүүд нинжа нарт бас байсан юм шүү.

1. Муурын нүд

 Нинжа нарын хувьд цаг маш чухал хэмжигдэхүүн. Гэтэл тэдэнд өнөөгийнх шиг секундомер байсангүй. Иймээс тэд «некоме-дзюцу» буюу муурын нүдээр цаг тодорхойлох эрдэмд суралцдаг байсан аж. Муурын нүд маш мэдрэмтгий тул хүүхэн хараа нь өдрийн турш гэрэлд зохицон өөрчлөгдөж байдаг. Өглөө эрт муурын хүүхэн хараа бөв бөөрөнхий, гэрэл сайн нэвтрүүлэхийн тулд томорсон байдаг. 8-12 цагийн хооронд нар дээр хөөрдөг тул гэрлийн хагасыг нэвтрүүлэхээр зууван дугариг болсон байна. Харин нар шингэх үед нарийн зураас мэт харагддаг аж. Нинжа нар муурын нүдээр цагийг алдалгүй зааж сурсан байдаг гэнэ. Харин бугуй дээрээ муур зүүж явдаг байсан эсэх нь тодорхойгүй.

2. Мицу-гомо

Эрт цагт Европ төдийгүй Азид ч цайз бэхлэлтээ суваг шуудуугаар хамгаалдаг байжээ. Нинжа нар голдуу л энд амьдардаг дээд зиндааныхныг агнаж таарнаа даа? Кинонд гардаг нинжа нар сувган дээгүүр шууд үсрээд гарах буюу усан дээгүүр гүйгээд туулчихдаг. Үнэн хэрэгтээ тэд «мицу-гомо» буюу «усны аалз» гэдэг төхөөрөмж хэрэглэдэг байжээ. Гэхдээ зураг дээрх төхөөрөмжийг яаж хэрэглэдэг байсан нь тодорхойгүй. Хөлдөө бэхлээд усан дээгүүр алхдаг байсан гэж ярьдаг ч үнэнд төдийлөн нийцэмгүй. Харин сал маягаар ашигладаг байсан гэвэл дөхөж очих байх.

3. Саото хикиганэ

Нинжа нар бол мэргэжлийн тагнуулчид тул сайн сонсгол шаардагдах нь мэдээж. Тэд зарим үед мэдээллийг зүгээр л худалдаад авчихдаг байжээ. Гэхдээ л харуул солигдож байгааг сонсож, тэдний цагийн хуваарийг ойлгох гэх мэт хэрэг гарна шүү дээ. Ер нь нууцаар сонсох бол нинжагийн ажлын гол хэсэг байсан гэхэд хилсдэхгүй. Үүний тулд конус хэлбэрт «саото хикиганэ» гэдэг багажийг хэрэглэдэг байжээ. Энэ нь мод, төмрөөр хийсэн «сонсох хоолой» байсан бөгөөд зарим нь хувцсан дотроо нуухад тохиромжтой жижигхэн, зарим нь нилээд том байжээ. Өргөн талыг нь хананд наахад гуурсан хоолойгоор дамжсан авиа тодорч чихэнд хүрдэг байна.

4. Донохи

Хичнээн сайн бэлтгэгдсэн нинжа байлаа ч их хүйтэнд удаан хугацаагаар гадаа байж чадахгүй нь ойлгомжтой. Харин хулс, төмөр, зэсээр хийсэн «донохи» гэх халуун жингийн тусламжтайгаар өвлийн цагт удаан хугацаагаар отоонд сууж чаддаг байна. Энэ дотроо хурдан асах дарь, спирт, даавуу зэрэг зүйлсийг хийсэн сав бөгөөд тусгай хэтээр асаахад хэдэн цагийн турш галтай байдаг. Ингэж зэвсэглэсэн нинжа даарч хөрөхгүйгээс гадна хоол ундаа хийж идэх, дайсныхаа гэрт гал тавих зэрэгт ашигладаг байжээ.

5. Канзаши

Нинжа нар юухныг ч болов зэвсэг болгон ашиглаж чаддагийг бүгд мэднэ. Эртний Японд эмэгтэйчүүд «канзаши» гэх урт сүлбээр зүүгээр үсээ тогтоодог байв. Нэг их аюултай эд биш ч сайн сургуулилсан нинжа нар хүний амин газар хатгаж өрсөлдөгчөө жагсаалаас гаргадаг байсан гэнэ. Үзүүрт нь хор түрхвэл бүр үхлийн аюултай зэвсэг болно гэж мэдээрэй. Канзаши бол «куноитууд» буюу эмэгтэй нинжа нарын гол зэвсэг юм.

6. Бийр, янтай

Үзэг бол илднээс ч хүчтэй зэвсэг гэж ярьдаг нь оргүй үг биш бололтой. Шууд утгаар нь ойлговол, нинжагийн гарт орсон үзэг аймшигт зэвсэг болдог байсан гэнэ. Нинжа нар «ятатэ»-ээс салдаггүйн учир энэ байжээ. Энэ нь хулс буюу төмрөөр хийсэн цилиндр бөгөөд нэг үзүүртээ бэхний савтай, бусад хэсэг нь хөндий байдаг. Энд үзгээ хийнэ. Үзэг бэх нь олж авсан мэдээллээ бичиж тэмдэглэх зэрэгт хэрэг болдог байсан нь мэдээж. Хэрэв халдлага төлөвлөсөн бол үзэгнийхээ толгойг хоронд дүрсэн байдаг.

7. Неко-тэ

«Неко-тэ» гэх төмөр хумс нь эмэгтэй нинжа нарын зэвсэг байжээ. Энэ хумсыг хуруундаа олон янзаар суулгана. Заримдаа хуруувч шиг зүүнэ. Зарим үед хуруу болгондоо бөгж хийж үүндээ хумсаа бэхэлнэ. Төмрийн оронд үзүүрлсэн хулс байх нь элбэг. Орчуулбал, «неко» нь «муур», «тэ» нь «гар» гэсэн үг юм байна.

8. Хүрэлзгэнэ

Нинжа нар бол өнгөлөн далдлалтын мастерууд бөгөөд дайсандаа чимээ шуугиан гаргалгүй ойртон очиж чаддаг. Гэхдээ тэд хүртэл чимээ гаргалгүй алхах боломжгүй үе гардаг. Ой дотор хатсан навч, хугарсан мөчир гээд л. Энэ тохиолдолд зориулж нинжа нар хүрэлзгэнэ агуулсан бяцхан хайрцгийг үргэлж биедээ авч явдаг. Бас хүрэлзгэнийг хэрэгтэй үед нь дуугаргах тусгай бодис байдаг гэнэ. Энэ нь нинжагийн алхаа болон хөдөлгөөнийг нууж өгөх ёстой аж.

9. Өндөгний хальс

Нинжа «үл үзэгдэгч» болохын тулд давс, нунтаг перец, төмрийн үртэс зэргийг агуулсан “өндгийг” дайсныхаа нүүр нүд рүү шидэж орхидог байжээ. Өндгийг зүүгээр нүхэлж доторх шингэнийг нь гаргаад оронд нь хэрэгтэй бодисоо хийнэ. Зарим үед амьсгал боогдуулагч нунтаг ашиглах тохиолдол ч байжээ. Дайсан ганц мөч саатсан нь ч нинжад хангалттай хугацаа гэнэ.

10. Цагаан будаа

Тиймээ, зүгээр л цагаан будаа. Нинжа нар бол тагнуул, туршуул, мөн хөлсний алуурчид гэдгийг битгий мартаарай. Тэд нууцаар мэдээллээ илгээх, солилцох ёстой. Мэдээ дамжуулахад «госики-май» буюу «5 өнгийн будаа»-г ашиглана. Будааг шар, хөх, улаан, хар, ягаан өнгөөр будаж замын хажуугаар буюу нүдэнд өртөхгүй бусад газруудаар хаяна. Жирийн хүмүүс харсан ч анзаарахгүй. Харин нэг бүлгийн нинжа нь энэ нууц мэдээллийн учрыг сайн ойлгоно. Ингэж будааны өнгийг “хослуулан” 100 гаруй төрлийн мэдээллийг дамжуулж болдог байна. Будагтай болохоор шувууд идчихдэггүй ажээ.